БАЯНГОЛ СУМ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДАНА

Баянгол сум нь аймгийн анхны “Жишиг сум”–ын болзлыг тэртээ 2011 онд хангасан бөгөөд өнөөдөр улсын тэргүүний сум болох том зорилттой ажиллаж байна.

Мал сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлж, хонин сүргийнхээ тоогоор улсад дээгүүр бичигддэг тус сум “Баянгол” омгийн хонины бие даасан шинэ үүлдэр бий болгож өсгөн үржүүлж тоо толгой нь 35 мянгад хүрээд байгаа. Мөн хонины ээзгий зэрэг өөрийн гэсэн брэндүүдээрээ алдартай.

Сумын байгууллага, аж ахуйн нэгж, салбарууд ажил үйлсээрээ улс, аймагтаа ямагт түүчээ явж ирсэн төдийгүй сумын Эрүүл мэндийн төв 2003 онд Улсын тэргүүний эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль 2012 онд Улсын тэргүүний сургууль, Хүүхдийн цэцэрлэг 2019 онд Улсын тэргүүний цэцэрлэг болсон.

Улсын хэмжээнд ийм амжилттай сум тийм ч олон биш.

Ажилсаг малч түмний идэвх зүтгэл, ахмад үеийн уламжлуулж өгсөн их туршлага, гар сэтгэл нийлсэн эвсэг хамт олны хамтын хүч хөдөлмөрийн үр дүнгээ хүртсэн баянголчууд төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо тун удахгүй хүлээж авна.