и ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМ
ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙГОО УГТАЖ ДООРХ АЖЛУУДЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЭД БАЙНА.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянгол сум үүсч байгуулагдсаны 100 жилийн ой 2024 онд тохионо.
Тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадраасан цагаас өнөөг хүртэлх түүхэн хугацаанд манай сумын хөгжил дэвшилд гарсан ололт амжилт бол ажилсаг, бүтээлч, оюунлаг, тал нутгийн цог золбоот ард түмний хичээл зүтгэл, шургуу хөдөлмөрийн үр дүн билээ
Сум орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуурсган мандуулж , түүхийн хуудсаа нэмэн баяжуулж нутаг орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө ухамсарт амьдрал, зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан нутгийн ахмад, дунд, залуу үеийн алдар гавьяаг сум байгуулагдсан түүхт 100 жилийн ойгоо алтан хуудсанаа бахархан тэмдэглэх гэж байна.
Түүхт ойгоо угтаж Баянголчууд 100 бүтээлч ажлын жагсаалт гаргасан ба 2023 онд 40 орчим хувийг хийж эхлүүлээд зарим ажлыг ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.
Ойн баяр гэдэг нэг талаар өнгөрсөн хугацаанд сум орны хөгжлийг цэгнэх, түүгээрээ бахархах амьдрал түүхийн хуудсаа зузаатгах алтан мөч, ховор боломж, мөн хойшхи ирээдүйгээ зураглаж шинэчлэх зэргээр үлдэцтэй ажлуудыг хийж бүтээж байна.
Тухайлбал: 100 жилийн ой угтаж Дөмөн-Эрдэнэ ХХК-ны захирал Х.Очирпүрэв. АнуКорал ХХК-ны дэд захирал Э.Одгэрэл, Интермед эмнэлгийн Мэс заслын их эмч Н.Батсайхан нарын хөрөнгө оруулалтаар 15.0 сая төгрөгийн санхүүжилтээр ногоон зурвасын талбайн гүн өрмийн худгийг түшиглэн 1 га газрыг хашаажуулж 1200 ширхэг хайлаас, 200 ширхэг улиас модыг тус тус тарьж цаашид усалгаа, арчилгаа тордолгооны зардлыг хариуцах юм.
Говь хээрийн бүсийг навчит модны суулгацаар ойжуулах ажлын хүрээнд 121,800,116 төгрөгийн санхүүжилтээр “Их сумт ХХК” сумын төвийн зүүн хойно онгийн голын сав дагуу 8 га газар хамгаалалтын ойн зурвас байгуулж 10600 ширхэг навчит модны суулгацыг суулгаж уг ажлыг гүйцэтгэгч компани 3 жилийн хугацаанд усалгаа арчилгааг хариуцан ажиллана.
Сумын төвийн баруун хойд 3 га ногоон зурвасын талбайд Хархорин суман дахь “Тэнгэрийн мандал” цэцэрлэгт хүрээлэнгээс 200 ширхэг бургас, улиас, гүйлс моднуудыг авч ирж суулгаж усалгаа арчилгаа, тордолгоог хариуцан ажиллаж байна.
Мод тарихаас гадна тарьсан модоо арчлах, тордох ургуулах орчныг цэвэрлэх зэргээр иргэдийнхээ эрүүл мэнд, эко орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна.
Сумын 90 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг өргөтгөж 50 ортой, урлаг заал бүхий 564.0 сая төгрөг төсөвт өртөгтэй барилгыг барьж ашиглалтад оруулсан нь бидний ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд хамруулах, хөгжиж хүмүүжих тав тухтай орчин нөхцлийг бүрдүүллээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Сумын төвийн гудамж, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн хашаа, хайсыг засварлаж модны тоог нэмэгдүүлэх, сумын төвд шинээр ундны усны гүн өрмийн худаг гаргаж цахимжуулах, ЕБС-ийн 320 хүүхдийн хичээлийн байрны цонхны амалгаа жийрэг резинийг солих, Гал тогооны барилгын дээвэр, салхивч, өрөөний доторх засвар, сумын төвийн зоорины засвар, тоног төхөөрөмжийн агуулах барих, ЭМТ-ийн хүлээн авах, эрчимт эмчилгээний өрөөг тусгаарлаж тохижуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.
ОНХС-ийн 48,500.0 мян төгрөгийн санхүүжилтээр сумын төвийн хуучин гүн өрмийн худгийг засварлаж ус өргөгч цамхагийн дэргэд шинээр 76 метр гүн өрмийн худаг гаргаж цэвэрлэх байгууламжийн усны эх үүсвэрийг шийдвэрлэлээ.
Гэвч 2014 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн Цэвэр, бохир усны шугам, дэд бүтцийн угсралт, Цэвэрлэх байгууламжийн ажил, Бохир усны насос, Ус өргөх цамхагийн барилга, усан сангийн ажлыг гүйцэтгэсэн Комфорт импекс ХХК, Баялаг ундрага ХХК, Ундарга байгууламж ХХК- нуудын удирдлагуудад ашиглалтад хүлээн авах комиссын гишүүд үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авах шийдвэр гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллаагүйгээс өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Холбогдох дээд байгууллагууд болон тухайн ажлыг гүйцэтгэсэн компаниудад үүссэн нөхцөл байдлыг удаа дараа уламжлаад тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөг хүрлээ.
Орон нутгийн татварын санхүүжилтийн эх үүсвэрээр 89,300.0 мян төгрөгөөр 2023 оны 5-р сард Hyundai 4800 экскаватор1 ш, 50ковш 2 ш, 20 тонны Хово 2 ш, түлшний машин 1ш, Чирэгч трайлер1 ш нийт 7 ширхэг техник тоног төхөөрөмж, Экскаватор оператор 2, Ковш оператор 2, жолооч 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, гэр хорооллын гудамжинд үүссэн элс, шороог зөөж, хуучин хогийн цэгийг шуун засч шинээр нийт 800 м урттай 2 м өргөнтэй 3,5 м гүнтэй дөрвөлжин хэлбэрийн шуудуу ухаж гарсан шороогоор 1,5 метрийн өндөртэй далан босгож, Онгийн голын дагуух 3 га газарт барилгын материалын болон гүүрний далангийн элс, хайрга олборлосоноос үүссэн нүхнүүдийг элс хайргаар дүүргэн тэгшилж нөхөн сэргээж ургамал ургах орчинг бүрдүүллээ.
Малын тоо толгойн албан татварын орлогоор хийж гүйцэтгэх ажлуудаас татварын орлогын биелэлттэй уялдуулан 4-р багийн малчдын сургалтын төв, 5-р багийн Бударгана усанд гүн өрмийн худаг, 1-р багийн төвийн баруун талд мал угаалгын ванныг түшиглэн Гүн өрмийн худаг, Дагналтайн дэрсэнд Алсыг харагч цамхаг, Хөдөөгийн багуудын нутаг дэвсгэр дэх энгийн уурхайн худгуудыг засварлаж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 174,0 сая төгрөгөөр мал нядалгааны цэгийн барилгын ажил эхлэж байна. Цаашид сум орныхоо газар зүйн байршил, малын тоо толгой, дэд бүтцийн давуу байдалд түшиглэн мах, арьс, шир, ноосны жижиг үйлдвэр, цех барьж өргөтгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Түүхэн баримтат кино, контент бүтээлгэх зорилгоор байгалийн зураг авалтыг 7-р сард мэргэжлийн хүнээр авахууллаа.
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 3 жилийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулах гэрээтэйгээр малын тоо толгойн албан татвараас сумын ногоон тэжээлийн талбай болон малчид өрхийн хадлан тэжээлээ бэлтгэхэд зориулан Беларусь-320.4 маркын тракторыг, төмс үрлэгч, сийрүүлэгч манагчийн хамт худалдан авсан.
“Баянгол омог”-ийн хонийг үүлдэр болгох ажилд сумаас 30,0 сая төгрөгийг зарцуулж 2024 онд үүлдэр болгон баталгаажуулахаар зорилт тавин ажиллаж байна.
Онгийн голын гүүрний үерт автсан хэсгийн даланг засварлаж цаашид даланг өргөтгөж засварлах ажлын зураг төсвийг мэргэжлийн хүнээр хийлгэж санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргэлээ.
ЕБС-ийн 320 хүүхдийн хичээлийн байрны дээврийн их засварын ажлыг 100.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр Арвайн цамхаг ХХК хийж гүйцэтгэж дууслаа.
Сумын 100 жил нь Баянголоор овоглосон хүн бүхний бахархан тэмдэглэх ой бөгөөд ойд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал хэрэгтэй байгааг онцолж байна.