card

Өвөрхангай аймгийн Баянгол сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу юм. Өндөр-Өнц, Эргэндэнж, Цагаан булан, Нартын хаяа, Цавын ихэр, Ширээ гэсэн засаг захиргааны анхан шатны 6 багийн 1164  өрхөд суурин хүн ам 3841 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас 8-д, газар нутгийн хэмжээгээр 6 -д тус тус ордог.

ХҮН АМ

            Сумын хүн ам 2019 оны жилийн эцсийн байдлаар 3841 болж, өмнөх оныхоос 104 буюу 2.6 хувиар буурлаа. Нийт 1164 өрх тооллуулж өмнөх оныхоос 1,02 хувь буюу 12 өрхөөр буурсан байна. Сумын хэмжээнд 2019 онд 46 эрэгтэй , 48 эмэгтэй нийт 94  хүүхэд мэндэлсэн байна. Нийт хүн амын 62.2 хувь нь 35 хүртэл насны залуучууд байна. Тодруулбал, нийт хүн амын  28.9 хувь буюу 1113 нь 0-14 насны хүүхэд, 64.2 хувь буюу 2466 нь 15-59 насны хүмүүс, 6.8 хувь буюу 262 нь 60 ба түүнээс дээш насны өндөр настан байна. 80 ба түүнээс дээш настай 35 өндөр настан байна.

            Хүн амын нягтшил 1 га талбайд 1.1 хүн ногддог сум юм.

ГАЗАР ЗҮЙ

            Далайн түвшнээс дээш 1430 м өргөгдсөн. Дов толгод, гүвээ бүхий талархаг гадаргуутай, нутгийн дундуур Онгийн гол 70 гаруй км урсан өнгөрдөг. Жаргалант, Задгай, Шанд, Нарийн, Намаг, Булаг зэрэг 10-аад жижиг булаг шандтай. Баруун, Зүүн, Улаан нуур, Олон нуур, Булгийн цагаан нуур, Давст, Цайдам, Ланс, Борхоньт зэрэг хужир, давс, шүү ургадаг нуур тойрмуудтайн гадна барилгын материалын орд газруудтай. Газар хөдлөлийн эрчим: 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь дов толгод, гүвээ бүхий талархаг гадаргуутай, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

            Өвөрхангай аймгийн өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 412  км, Аймгийн төвөөс 80 км зайд байрладаг. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум болон өөрийн аймгийн, Зүүнбаян–Улаан, Сант, Төгрөг, Тарагт сумдтай тус тус хиллэдэг.

            Хуурайдуу халуун зунтай, хүйтэн, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -18С - 23С7 дугаар сарын дундаж температур +18С - +23С жилийн дундаж салхины хурд 5-10 м/с жилийн хур тунaдасны нийлбэр 80-130 мм

МАЛ СҮРЭГ

            Сумын хэмжээнд 2019 онд нийт 969 өрх мал тооллогод хамрагдаж нийт 387856  толгой мал тоологдсон ба энэ нь өмнөх оноос 7.8 хувь буюу 32204  толгой малаар буурсан байна. Нийт мал сүргийн бүтцээр авч үзвэл 0.9 хувь буюу 3162 толгой тэмээ, 4.02 хувь буюу 15 598 толгой адуу, 1.6 хувь буюу 6377 толгой үхэр, 55 хувь буюу 213 349 толгой хонь, 38.5 хувь буюу 149 370 толгой ямаа  тоологдсон байна. Сумын хэмжээгээр нийт 387856 мянган толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 207146 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 53.4 хувь байна. 969 малчин өрх болон мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 83.2 хувийг эзэлж байна.

ЗАМ ТЭЭВЭР

Сумын нутаг дэвсгэрээр Өмнөговь аймаг, Таван толгой руу явдаг зам сумын төвөөр дайран өнгөрдөг. Мөн Хархорин сум Өмнөговь аймгийг холбосон аялал жуулчлалын зам тус сумын нутгаар дайран өнгөрдөг тул босоо тэнхлэгийн засмал замтай холбогдох боломжтой.

УС ХАНГАМЖ

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худаг, мөн гэр хорооллын айл өрхийн хашааны 30 гар худгаас ундны болон ахуй хэрэглээгээ хангаж байна.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд 1999 онд холбогдсон. 35/10 кв-ын дэд станцтай. 10/04 квт-ын дэд станц 2 ширхэг. 0.4 квт-ын шугам 2.1 км, 0.22 квт шугам - 3.7 км.